Монгол улсын Засгийн газар Зүүн бүс нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, Чойбалсан хотыг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх зорилгоор 1967 оны 06 дугаар сарын 17 ны өдөр тус цахилгаан станцын суурийг тавьж, 1967-1970 онд ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) техник эдийн засгийн тусламжаар 12MВт-ын суурилагдсан хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдан ашиглалтанд орж, 1979-1982 онд Дулааны цахилгаан станцыг БКЗ-75-39/ФБ маркийн 3 зуух, ПТ12-35/10М маркийн 2 турбогенератораар өргөтгөж станцын хүчин чадал 36MВт болж нэмэгдсэн.
Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09 ны өдрийн 164 дүгээр тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болон үйл ажиллагаа нь өргөжин тэлж, эрчим хүчний хангамжийн үйлчлэх хүрээ Монгол улсын Зүүн бүс нутгийг хамрах болов. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг 100 хувь Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг.
Үндсэн үйл ажиллагааны хувьд тус компани цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, импортлох, эрчим хүч барилга угсралтын 8 тусгай зөвшөөрлийн хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгуудийн 36 сум, суурин газрын 24710 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 0.4, 6, 10, 15, 35, 110 кВ-ын 3455,1 км агаарын болон кабель шугам, 507 ком дэд станцыг ашиглан цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 822 аж ахуйн нэгж, 6117 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос/км далд болон ил шугамаар дамжуулан дулааны эрчим хүчээр тус тус хангах үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай компани Дорнод, Сүхбаатар 2 салбар, Захиргаа удирдлага, Хангамж үйлчилгээ, Санхүү бүртгэлийн 3 хэлтэс, Төлөвлөлтийн 1 хэсэг, Дотоод хяналтын, Техник хяналтын, Инженерийн, Хамгаалалтын 4 алба, Түлш дамжуулах, Зуух, Турбин-Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик, Механик засвар, Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 8 цех, нэгжүүдийн зохион байгуулалттай, үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.